Байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газрууд

         Баяндун сумын нутгийн хойд хэсгээр голчлон ургадаг шинэс, нарс, хус, улиас, бургас бүхий 27978 га ойн сан, 964 га талбай нуур цөөрөм, гол горхи, усан сан бүхий нөөц газартай, ой мод элбэгтэй, Угтам, Хайрхан, Хуучид, Гөлгөд, Тэмээн, Их газар, Сонгоол даваа, Хайч, Зүрх, Эмт, Халиун, Дун, Солоон, Үлийн шилд үрэл, мойл, улаагана, үхэр нүд, нэрс, хармаг, нохойн хошуу, гүзээлзгэнэ зэрэг жимс жимсгэнэ ургадаг. Манай нутагт Монголд нэн ховордсон 12 төрлийн ургамал ургахаас гадна баавгай, зэрлэг, гахай, буга, гөрөөс, шүлүүс, чоно, үнэг, хярс, мануул, илбэнх, дорго, тарвага, зурам, цагаан, зээр зэрэг ан амьтан, мөн алт, цайр, хар тугалга, уран зэрэг ашигт малтмалын үлэмж нөөцтэй нутаг юм.

            Тус сумын нутагт нийт 442 булш хиргэсүүр байдгаас Норовлин уулын эртний буган чулуун хөшөөний сүг зураг, эзэн Чингис хааны хэрмэн зам, Тогоон Төмөр хааны ордны туурь, Их Монгол улсын дээд заргагч Шихихутгийн нутагт домогт Нарту шүтээн буюу Наранбулаг, Угтамын болон Дамбадаржаалин хийдүүдийн туурь зэрэг түүх дурсгалт газар олон бий.

Угтамын байгалийн нөөц газар

       Монгол Улсын Их хурлын 1993 оны 83 дугаар тогтоолоор байгалийн үзэсгэлэнт Угтам уулыг Улсын тусгай хамгаалттай газар болгож Монгол Улсын Засгийн газар 1994 онд Байгалийн нөөц газар болгов. Угтам уулын байгалийн нөөц газарт 17 зүйл 39 овгийн 133 зүйл шувуу бий. Энд олон улсын улаан номонд орсон Хан бүргэд усын цагаан сүүлт бүргэд, цагаан болон цэн тогоруу, өвөгт тогоруу, Шонхор, Монгол улсын улаан номонд орсон атоло эрвээхэй, Дорнодын болон Шивэр мэлхий, монгол гүрвэл, дагуур зараа, хар өрөв тас, гангар хун, байгалийн хун, хошуу, галуу, байгалийн нугас, явсаг сар, тоодог, уран шувуу, зэрэг олон төрлийн ан амьтан бүхий байгалийн үзэсгэлэнт нутаг юм.

Заяан наваа:

Буриад зоны дунд өргөн тархсан “Заян наваа” хэмээх дуу мянга гаруй жилийн түүхтэй. Энэ дууг VIII зууны үед зохиогдсон гэж үздэг. Арвин баялаг, гайхам сонин түүхтэй Заян наваа дуунд зориулсан гэрэлт хөшөө сумаас 5 км зайд Адуун чулуун гэдэг газарт байдаг

Тэмээн уулын агуй:

Энэ агуй нь Баяндун сумаас баруун урагш 30 км газарт оршино. Уулчид тамирчдын тогтоосноор агуйн амсрын эхний хэсэг нь 2 метр, цаашлаад 6 метр голчтой болж өргөсөж, 60 метр гүнд 4 ханатай гэрийн буурь шиг тэгш талбай ёроолтой.

Цагаан нуур:

Баяндун сумын Түргэн багийн нутаг Түргэн цагаан нуурт жил бүрийн намар "Хунгийн чуулган" болдог юм. Энэ нуур нь Баяндун сумаас хойш 20 км газарт оршино.

Лүнгийн рашаан:

Баяндун сумаас хойш 65-65 км-т оршино. . Нутгийнхан Лүнгийн рашааныг ходоодны хүчил ихдэж, цээж хорсож, гашуун шар ногооноор гулгих зэрэг шар ихтэй болох, гэдэс дотрын өвчинд уухаас гадна уушгины өвчинд сайн гэдэг.

Дунд могойтын рашаан:

Угтамын тусгай хамгаалалттай нөөц газрын Угтам тэгчилэн хийдийн баруун талд зэрэглээд Дунд могойтын рашаан оршино. Ходоод, дотрын өвчинг анагаадаг. Үнэргүй, амтгүй хусан төгөл дундаас гардаг. Өвөл хөлдөггүй, могой загастай, нөөц ундрага хязгааргүй элбэг.

Эмтийн рашаан:

Баяндун сумын Түргэн багийн нутаг Туулайтын голын хойд энгэрт Эмтийн рашаан оршино. Нутгийнхан ходоод, дотрын өвчинг анагаахад хэрэглэдэг.

 

Бүдүүний рашаан:

Баяндун сумын Яргай нутаг Бэрхийн цагаан овооны зүүн талд далайн мандлаас дээш 850 метр өргөгдсөн өндөр газарт Бүдүүн булгийн рашаан оршино. Энэ рашаан нь 3 жарны тэртээгээс ард иргэд дотрын 5 цулын эрхтэнд ууж иржээ. Сүүлийн жилүүдэд сахарын өвчтэй хүмүүс рашаан болгон ууж байна.

 

 

 

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.