ЗДТГ-ын дотоод журам

Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын

хөдөлмөрийн дотоод журам

Энэхүү дотоод журам нь “Төрийн албаны тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль” түүний гүйцэтгэлийг хангах талаар гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, Засаг дарга түүний тамгын газар, албан хаагчдын хоорондын харилцааг зохицуулна.

Нэг. Байгууллагын хүлээх үүрэг:

1.1. Тамгын газар нь төр засгийн хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны албаны мэргэшсэн баг бүрдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг Монгол улсын “Төрийн албаны тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль” болон бусад хууль тогтоомжийн хүрээнд зохицуулан явуулна.

1.2. Тамгын газарт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг төрийн албанд мэргэшүүлэх, үйлчилгээний албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхдээ сургалт дадлагын ажилд хамруулах, ажлын байранд нь сургах сургалтын төрөл бүрийн хэлбэрийг ашиглаж боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлнэ.

1.3. Ажилтнуудтай үр дүн, бүтээгдэхүүн нийлүүлэлт, хөдөлмөрийн болон эд хөрөнгө хариуцуулсан гэрээг байгуулан, хагас бүтэн жилээр дүгнэн шагнаж урамшуулах, хариуцлага тооцож ажиллана.

1.4 Ажилтны хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлсийг гүйцэтгэлээр нь сар бүрийн 28-ний дотор олгоно.

1.5 Хөдөлмөрийн дотоод журмыг жил бүр байгууллагын нийт ажилтнуудын хурлаар хэлэлцүүлэн байгууллагын дарга баталгаажуулах ба шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг тухай бүрд оруулж болно.

1.6 Байгууллага дотор мөрдөх үйл ажиллагааны дүрэм /журам/-ыг байгууллагын дарга батална.

1.7 Галч, жолооч, үйлчлэгч нарт хөдөлмөр хамгааллын хувцасыг 24 сард 1 удаа улиралд тохируулан олгож байна.

1.8 Байгууллагын даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг байгууллагын эд хөрөнгийг хагас, бүтэн жилээр тоолж ашиглалтын байдалд үзлэг хийж дүн гаргах, төсвийн нягтлан бодогчийн санал санаачлагаар хөрөнгө хариуцагч нартай тухай бүр тооцоо хийж ажиллана.

1.9.Байгууллагын даргын шийдвэрээр албан хаагчдыг удирдлага арга зүйгээр хангах орон тооны бус зөвлөлийг албан хаагчаас бүрдсэн 5 гишүүнтэй байгуулж болно.

Хоёр. Албан хаагчдын хүлээх үүрэг:

2.1. Байгууллагын ажилтнууд нь Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журам, дүрмэнд захирагдана. Багийн засаг дарга нар, байгаль хамгаалагч, Нийгмийн даатгал, Татварын улсын байцаагч, Цаг уурын ажиглагч, улсын бүртгэгч, хөдөлмөр халамжийн ажилтан, Угтамын байгалийн нөөц газрын байгаль хамгаалагч, эко төслийн зохицуулагч зэрэг удирдлагын босоо тогтолцоотой байгууллагын ажилтнууд нь тамгын газрын ажлын байранд нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрмэнд захирагдан ажил үйлчилгээгээ явуулна.

2.2 Энэхүү дотоод журманд захирагдах ажилтан, албан хаагчид нь дотоод журамтай танилцан гарын үсэг зурснаар баталгаажна. Гарын үсгийн баталгаа нь 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

2.3 Төрийн захиргааны албан хаагчид нь Монгол улсын хууль, төр засгийн тогтоол шийдвэрийг ард иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх, биелэлтэнд нь хяналт тавих, үнэлж дүгнүүлэх, үйлчилгээний ажилтнууд гэрээнд дурьдагдсан болон ажлын байрны тодорхойлолтонд дурьдагдсан ажил үйлчилгээг гүйцэтгэхээс гадна удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэн ажиллана.

2.4. Төрийн захиргааны албан хаагчид нь хууль, тогтоомж, шийдвэрийн биелэлтийг хариуцсан ажлын чиглэлээр тогтоосон хугацаанд судалгаа дүгнэлт сайтай, үнэн зөв гаргаж дээд байгууллага болон холбогдох ажилтан, иргэдэд мэдээлэн удирдлагыг мэдээллээр ханган ажиллана.

2.5 Байгууллагын ажилтнууд нь ажлын байрны орчинг тохижуулах, цэвэрлэх, амралт чөлөөт цагаар зохиодог олон нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцох, карт жагсаалтаар болон хөрөнгө хариуцах гэрээнд тусгагдан олгогдсон буюу өөрсдийн ажлын өрөөн доторхи техник, эд хогшил хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцан, ариг гамтай эдэлнэ.

2.6 Ажилтнууд БНҮДГэрээ, Хөдөлмөрийн гэрээний биелэлтэнд тодотгол хийлгэж хагас, бүтэн жилээр ажлаа дүгнүүлэх бөгөөд улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор хийсэн ажлын тайланг байгууллагын даргад бичгээр болон файлаар өгнө. /хийсэн ажлаа зурагжуулсан байна./

2.7 Банкнаас авсан цалингийн зээлийн эргэн төлөлтийг тухайн ажилтан ажлаас халагдсан буюу чөлөөлөгдсөн тохиолдолд өөрөө хариуцан төлж байгууллагыг хохиролгүй болгох үүрэг хүлээнэ.

2.8 Эд хөрөнгө хариуцсан ажилтнууд нь эд хөрөнгө хариуцагчийн эрх, үүргийн дүрмийг судалсан байна.

Гурав. Албан хаагчдыг ажилд авах, чөлөөлөх:

3.1. Тамгын газарт ажиллах, төрийн захиргааны албан хаагчдыг “Төрийн албаны тухай“ хуулийн 17 дугаар зүйлдэх заалтууд, төрийн захиргааны албаны салбар зөвлөлийн гаргасан дүгнэлт, мэргэжлийн хяналтын газрын шийдвэрийг үндэслэн мэргэжлийн шалгалтанд тэнцсэн иргэдээс хүний нөөцийн дарааллыг харгалзан тамгын газрын дарга томилно.

3.2. Төрийн үйлчилгээний албан хаагчдыг ажлын байранд ажилтан авахдаа нийтэд зарлан мэдээлж тодорхой болзол, нөхцөл хангасан иргэдээс сонгон шалгаруулж засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн сонгож хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр ерөнхий менежер шийдвэр гаргаж авна.

3.3. Ажилтныг ажилд томилох, ажлаас халах, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа төрийн албан тухай хуулийн 23, 24, 25 дугаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 36, 37, 38, 39, 40, 42, 43, 44 дүгээр заалтуудыг үндэслэн, БНҮДГэрээний үнэлгээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг баримтлана.

3.4. Ажилд томилохдоо холбогдох гэрээг байгуулан, шийдвэр гаргаж албан хаагчийн хувийн хэргийг бүртгэсний дараа ажлын үнэмлэх олгож гэрээ байгуулна. Ажлаас чөлөөлөгдсөн тухай шийдвэр гарсан албан хаагчид эд хөрөнгө аж ахуй, санхүүгийн тооцоо, бичиг баримтыг бүрэн хүлээлцсэний дараа нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэж хөдөлмөрийн хөлсний холбогдох тооцоог бодож дуусгасаны дараа ажлын үнэмлэхээ буцаан өгнө.

3.5. Томилогдсон, чөлөөлөгдсөн албан хаагчийн ажлыг хүлээлцэх ажлын хэсгийг шийдвэр гаргасан албан тушаалтан томилж 1-2 хоногийн дотор хүлээлцүүлнэ. Ажил хүлээлцэхдээ баримт бичиг, албан хэрэгцээнд ашиглаж байгаа ном товхимол, иргэдийн гомдлын барагдуулалтын байдлыг актанд тодорхой тусгаж менежер албан хаагчийн хувийн хэрэгт нь хадгална.

3.6. Ажилд авахдаа ТЗ-ны албан тушаалтантай БНҮДГэрээ, Төрийн Үйлчилгээний албан тушаалтантай БНҮДГэрээ, Хөдөлмөрийн болон эд хөрөнгө харицуулах тухай гэрээг тус тус байгуулна.

Дөрөв. Ажил амралтын цаг буюу ажил үүргийн хуваарь

4.1. Тамгын газарт ажиллагсад Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 70,74,75,76,77,78,79,80 дүгээр зүйлүүдэд заасны дагуу ажил, амралтын цагийн горимыг баримтлана.

4.2. Ажлын цагийн ашиглалтанд Тамгын газрын дарга хяналт тавьж, сарын цагийн бүртгэлийг бичиг хэргийн ажилтан бүртгэж ажиллана. Ажилтнуудын цагийг бүртгэхдээ хоцорсон минут, цагийн нийлбэрийг өдөрт тооцон цагийн балансыг гаргана.

4.3. Шинээр ажилд томилогдсон ажилтанд 6-сараас доошгүй хугацаагаар ажилласны дараа жилийн ээлжийн амралтыг олгоно.

4.4. Галч нь Тамгын газрын байшин, барилга буюу эд хөрөнгийг хариуцна. 7 хоног бүрийн байгууллагын хуралд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын талаар мэдээлж байна.

4.5. Ажлын цагийн бүртгэлийг цалин өгснөөс хойших хугацааны өдрийн бүртгэлийг дараа сард нь оруулан тооцно.

4.6. Байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, байгалийн гамшиг осол тохиолдсон нөхцөлд сумын Онцгой байдлын штаб, байгууллагын нийт ажилтнуудыг хөдөлмөрийн тухай хуулийн 74.2.1, 74.2.2, 74.2.3, 74.2.4 дэх заалтуудыг үндэслэн уртасгасан цагаар ажиллуулна.

4.7. Нярав, үйлчлэгч нь тамгын газрын ажлын байрны цэвэрлэгээг хариуцна.

4.8. Төрийн албан хаагчид нь өдрийн ажлын ачааллаас шалтгаалан шаардлагатай цаг үеийн ажилд байгууллагын даргын шийдвэрээр томилогдон ажиллана.

4.9. Ажлын цагийн хуваар нь зуны улиралд өглөө: 0800-1200

өдөр: 1300-1700

өвлийн улиралд өглөө: 0830-1230

өдөр:1330-1730 цагт байна.

 

Тав. Ажлаа төлөвлөж явуулах үйл ажиллагааны зарчим:

5.1. Тамгын газар нь ажлаа жилээр, сараар төлөвлөнө. Төлөвлөгөөний биелэлтэнд хяналт шинжилгээний ажилтан, байгууллагын дарга хяналт тавина.

5.2 Байгууллага 7 хоног бүрийн баасан гаригийн 08 цагт хуралдаж 7 хоног бүрийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл үр дүн, хүлээгдэж буй зорилтуудыг хэлэлцэн тулгамдсан асуудлыг байгууллага бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэрлэнэ. Хурлын шийдвэр нь олонхийг хүндэтгэсэн шийдвэр байна.

5.3. Засаг даргын эзгүйд Засаг даргын орлогч, Тамгын газрын даргын эзгүйд хяналт шинжилгээний ажилтан орлон гүйцэтгэнэ.

5.4. ЗДТГазрын төрийн захиргааны түшмэдүүд нь байгаль, цаг уурын аюул болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон үед сумын онцгой байдлын штаб командын зохион байгуулалтанд орж үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу явуулна

5.5. Багийн засаг дарга болон тамгын газрын бүтэцэд хамаардаггүй түшмэдүүд сумын засаг даргаар бусад түшмэд албан хаагчид тамгын газрын даргаар ажлын төлөвлөгөөгөө батлуулан сар бүр тайлагнаж дүгнүүлэн ажиллана.

 

Зургаа. Албан хэргийн хөтлөлт, дотоодын хяналт

6.1. Албан хэргийн хөтлөлт, дотоодын хяналтын талаар архивын тухай хууль, засгийн газрын тогтоолоор батлагдсан архив, албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг ажилтан бүр судалж мэдсэн байвал зохино.

6.2. Албан хэрэг хөтлөх зааврыг чанд мөрдөж тамгын газарт ирсэн явсан бичиг баримтыг зөвхөн архив, бичиг хэргийн ажилтнаар дамжуулна.

6.3. Архив, бичиг хэргийн ажилтан ирсэн бүх бичгийг Засаг даргад танилцуулна. Засаг даргын өгсөн үүрэг чиглэл бүхий бичгийг архив бичиг хэргийн ажилтан, ерөнхий менежер болон холбогдох ажилтнуудад цохолтын дагуу хуваарилж олгоно. Бүх бичгийг бүртгэлд авч хариутай бичгийг хяналтанд авч бүртгэн хяналтын карт хөтөлнө.

6.4. Хугацаатай бичгийн шийдвэрлэлтэнд албан бичиг хөтлөх заавар ёсоор архив, бичиг хэргийн ажилтан хяналт тавьж 7 хоног тутмын байгууллагын хуралд болон Тамгын газрын даргад танилцуулна.

6.5. Хугацаатай асуудлыг шийдвэрлэж байгаа ажилтан хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө хариуг төлөвлөж Засаг дарга, ерөнхий менежерт уг бичиг өргөдөл, гомдлыг танилцуулна.

6.6. Иргэдээс ирсэн бүх өргөдөл, гомдол саналыг засаг дарга хүлээн авах ба засаг даргын цохолтын дагуу албан бичгийг архив , бичиг хэргийн ажилтан бүртгэлд авч холбогдох байгууллага, ажилтнуудад өгнө. Өргөдөл, гомдол саналын хариуг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн эсэхэд нь тамгын газрын дарга болон холбогдох ажилтнууд хяналт тавина.

6.7. Албан бичиг, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг төслийн хэмжээнд боловсруулан шивсэн ажилтнууд засаг дарга, тамгын газрын даргад танилцуулж зөвшөөрөл цохолт хийгдсэний дараа архив бичиг хэргийн ажилтан хэвлэн гаргана.

6.8. Захирамж төлөвлөсөн ажилтан Тамгын газрын дарга, хяналт шинжилгээний ажилтнаар хянуулсны дараа засаг даргад танилцуулна.

6.9. Бүх төрлийн хэвлэмэл хуудсыг бичиг хэргийн ажилтан үнэт цаасны журмаар хадгалж, хэмнэлттэй зарцуулна. Бичигдээгүй хэвлэмэл хуудсыг ажилтанд олгохыг хориглоно. Алдаатай гаргасан албан бичиг /хэвлэмэл хуудас/-ны үнийг буруутай албан хаагчаар төлүүлнэ.

6.10. Сумын засаг дарга, багийн Засаг даргын захирамж, шийдвэр, Тамгын газрын даргын тушаалыг хяналт шинжилгээний ажилтан нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, болон ажилтнуудад сурталчилна.

6.11. Албан хаагчид хуваарилагдан очсон албан бичгийн хариуг явуулсан тохиолдолд уг албан тоотыг бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгч хяналтаас хасуулна.

6.12. Албан хаагчид хөтлөх хэргийн жагсаалт гарган мөрдөж тухайн жилийнхээ баримт бичгийг дараа оны 2 дугаар сард багтаан архив, бичиг хэргийн ажилтанд өгч архивт шилжүүлэх үүргийг хамтран хүлээнэ.

6.13 Монгол улсын нууцын тухай хууль, байгууллагын тухай хууль, хувь хүний нууцын тухай хуульд заасан дагуу байгууллага хувь хүний нууцтай холбоотой бичиг баримт материалын талаархи мэдээллийг архив, бичиг хэргийн ажилтан чандлан хадаглана. Нууцын холбоотой баримт бичиг Тамгын газрын даргад хадгалагдана.

6.14. Архив, бичиг хэргийн ажилтан нь канон, компьютераар иргэдэд үйлчилэхдээ тогтоосон журмын дагуу төлбөртэй үйлчилнэ.

 

Долоо. Албан томилолт, авто машины ашиглалт

7.1. Аймгийн Засаг даргын 2010 оны 383 тоот захирамж, сумын засаг даргын 2012 оны ............тоот захирамжийн дагуу Тамгын газрын ажилтнууд гадагш аймаг, сум, хотод удирдамж төлөвлөгөөний дагуу албан ажлаар ажиллахдаа дээд удирдах албан тушаалтнаас томилолт авна.

7.2. Томилолтоор явах ажилтан ирсэн цахилгаан, албан бичгийг үндэслэн удирдамж боловсруулж засаг даргад танилцуулна. Томилолтоор явсан албан хаагч нар тамгын газрын мэдээллийн цагт явсан ажлын талаарх мэдээллийг заавал хийж байх ба шаардлагатай гэж үзвэл сургалт зохион байгуулсны дараа гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан томилолтын зардлыг бүрэн олгох эсэхийг ерөнхий менежер шийдвэрлэнэ.

7.3. Томилолтын хуудсыг бичиг хэргийн эрхлэгч үнэт цаасны журмаар хадгалж удирдамжийг үндэслэн олгож бүртгэл хөтөлнө. Томилолтыг аймаг, хотод албан ажлаар явагсдад унааны зардлын хамт олгоно.

7.4 Улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчдын зам хоног, байрны зардлын хэмжээг аймагт 29500 төгрөг, УБ хотод 36000 төгрөгөөр, төрийн үйлчилгээний албан хаагчдынх УБ хотод 16000 төгрөг, аймагт 14000 төгрөгөөр бодож олгоно.

7.5. Автомашины сарын гүйлт, гаргасан зардлын талаарх мэдээллийг жолооч сар бүрийн 23-25 ны хооронд байгууллагын дарга, санхүүгийн ажилтнуудад гаргаж өгнө.

 

Найм. Цалин хөлс, шагнал, урамшил.

8.1. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээг баримтлан, урамшил, БНҮДГэрээ, Хөдөлмөрийн гэрээний биелэлт үр дүнг харгалзан, зэрэг дэв ажилласан жил, мэргэжлийн ур чадвар, нууц, онцгой нөхцөл зэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно.

8.2. Нийтээр амрах баяр ёслолын өдөр, гамшиг осол, онцгой нөхцөлийн үед томилогдон ажилласан ажилтнуудад ажилласан хоногийг нөхөн амруулах эсвэл холбогдох хууль, тогтоомжийн дагуу нэмэгдэл хөлс олгож болно.

8.3 Ажлын тодорхой амжилт үзүүлсэн хагас, бүтэн жилийн үнэлгээгээрээ “ А”, “В” үнэлгээ авсан хамт олны дунд нэр хүнд сайтай албан хаагчдыг шат дараалсан мөнгөн урамшил, зэрэг дэв ахиулах болон төр, засгийн нэр хүндтэй шагналд тодорхойлно.

8.4.Сум, байгууллага хамт олноо төлөөлөн урлаг, спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон албан хаагчдыг шагнаж урамшуулж байна.

Үүнд:

Ес. Төрийн албан хаагчдад олгох тусламж, дэмжлэг

9.1 Тамгын газрын албан хаагчдад тусламж олгохдоо Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан холбогдох журам, байгууллагын дотоод журмыг баримтлана.

9.2. Албан хаагчийн өөрийн эцэг эх, эхнэр /нөхөр/, үр хүүхэд, нас барсан тохиолдолд 50000 төгрөг, төрсөн ах, эгч, дүү, эмээ, өвөө, хадам эцэг эх нь нас барсан тохиодолд 30000 төгрөг, Мөн тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтны эхнэр /нөхөр/ үр хүүхэд нас барсан тохиолдолд 20000 төгрөг, Төрийн албан хаагч өөрөө нас барсан тохиолдолд сарын цалинтай тэнцэх тэтгэлэгийг олгоно.

9.3. Албан хаагчдын бичгээр илэрхийлсэн хүсэлтийг үндэслэн Тамгын газрын дарга 5 хоногийн цалинтай чөлөөг олгож болно. 5 хоногоос дээш хугацаатай чөлөөг Засаг даргатай зөвшилцсөний эцэст цалингүй чөлөөг 6 дахь хоногоос эхлэн олгож болно. Чөлөө олгохдоо албан ёсны цахилгаан, тодорхойлолт, ажил төрлийн шаардлага урьд өмнө нь авч байсан чөлөөний байдлыг харгалзан олгоно.

9.4.Засаг даргын тамгын газрын бүтцэд хамаарагддаггүй боловч үйл ажиллагаа явуулдаг Нийгмийн даатгал, Цагдаа, татвар, Цаг уур, иргэний бүртгэл, эко төслийн зохицуулагч, хөдөлмөр халамжийн ажилтнуудад зайлшгүй тусламж үзүүлэх шаардлага гарсан нөхцөлд сумын засаг дарга шийдвэрлэнэ.

9.5. Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид сайн дурын зохион байгуулалттай хуримтлалын сантай байж болно. Уг сангийн зорилго, зарцуулалт журмаар зохицуулагдана.

Арав. Хариуцлага.

10.1. Хөдөлмөрийн дотоод журамыг зөрчсөн Төрийн албан хаагчдад холбогдох хууль тогтоолын дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

10.2 Албан үүргээ гүйцэтгэж явахдаа болон ажлын байрандаа архи уусан, ажлын цагаар архидан согтуурсан, ажлын байраа 1-ээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүй орхиж ажлаа цалгардуулсан албан хаагчийг ажлаас чөлөөлнө.

10.3 Эд хөрөнгө хариуцсан ажилтан болон эд хариуцагч биш боловч хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг өөрийн хариуцллагагүйгээс дутаасан үрэгдүүлсэн, ашиглан шамшигдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учирсан хохирлыг сарын дотор бүрэн барагдуулсан байна. Эд хөрөнгө хариуцагчийн эрх үүргийн дүрмийн заалт зөрчсөн хөрөнгө хариуцагч нь хариуцлага хүлээнэ.

10.4 Тамгын газрын ажлын байранд албан хаагчид болон үйлчлүүлэгчид тамхи татахгүй байх, зөрчил гаргасан албан хаагч, иргэнийг “ Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль” –ийн дагуу хариуцлага тооцно.

10.5.Тамхийг зөвхөн заагдсан цэгт татахыг зөвшөөрнө.

10.6 Удирдлагаас амаар буюу бичгийн хэлбэрээр өгсөн үүрэг, даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, хамт олны дотор хэрүүл маргаан гаргасан ажилтныг хамт олны хурлаар авч хэлэлцэж шат дараалсан арга хэмжээг удирдлагын зүгээс авч хэрэгжүүлнэ.

10.7. Чөлөөний хугацаа шалтгаангүйгээр хэтэрүүлсэн буюу худал хэлж чөлөө авсан албан хаагч нарт сахилгын шийтгэл ногдуулна.

10.8 Удирдлагаас амаар өгсөн үүрэг, даалгавар нь хурлын протоколд тэмдэглэгдсэн буюу тусгай үүрэг даалгаврын дэвтэрт бүртгэгдсэн тохиолдолд өгсөн үүрэг биелүүлээгүй ажилтанд хариуцлага тооцох үндэслэл болно.

10.9 Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчин төрийн албаны нэр хүндийг олон түмний дунд унагаан архидан согтуурах, нийгмийн дэг журам зөрчих зэрэг үйлдэл нь нотлогдсон төрийн албан хаагчийг байгууллагын зүгээс санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу төрийн албаны салбар зөвлөл, холбогдох дээд шатны байгууллагад уламжлан ажлаас чөлөөлнө.

10.10 Дээр дурьдсан зөрчлүүдийг 2 удаа давтан гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөнө. Энэ заалтанд 10.2 дахь заалт хамраарахгүй болно.

10.11 Дотоод журмын 2.6 –д заасан заалтыг зөрчсөн ажилтны сарын цалингийн 20 хүртэлх хувийг байгууллагын даргын тушаалаар сарын цалингаас суутгана.

 

 ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.