Хайрхан багийн танилцуулга

 

      Баяндун сумын Хайрхан баг нь хойд талаараа Түргэн багтай, зүүн талаараа Дашбалбар сумтай, урд талаараа Яргай багтай, баруун талаараа Наран багтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь уул толгод, өндөрлөг газрууд эзлэх бөгөөд нуга хөндий, хээр тал багахан газрыг эзлэнэ.

      Хамгийн нам дор газар нь Улз голын хөндий, хамгийн өндөрлөг цэг нь Угтам уул юм. Манай багт олон төрлийн ан амьтан бий. Жишээ нь: чоно , үнэг, шилүүс, хярс, мануул, дорго, илбэнх, тарвага, буга, бор гөрөөс , цагаан зээр зэргийн амьтад байна. Олон төрлийн жимс жимсгэнэ, ховор эмийн ургамлууд ургана. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд болон өнө эртний түүхт дурсгалт газрууд олон байна. Үүнээс дурьдвал: Угтамын хийдийн туурь, Норовлингийн Бугын чулуун хөшөө, булш хэрэгсүүрүүд байх бөгөөд нутгийн ард иргэдийн сүсэглэн тахидаг Хайрхан уул, Угтамын Цагаан овоо уулыг зуны дунд сарын шинийн арван таванд тахидаг уламжлалтай.

Нийгэм, эдийн засгийн байдал

        2016 оны жилийн эцсийн байдлаар 125 өрхийн 475 хүн ам амьдардаг. Хүн амын ихэнх хэсгийг буриад зон олон эзлэнэ. Хайрханчуудын эдийн засаг амьжиргааны эх үүсвэр нь мал, аж ахуй эрхэлдэгт оршино.

     Тус багийн ажлын албанд багийн Засаг дарга Б.Долгорсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Л.Лхагвасүрэн, Б.Батхүү, Б.Дугарсүрэн, Р.Ганбат, Иргэдийн нийтийн хурлын дарга  Т.Туяа, Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч Ц.Дашдулам, Б.Балжмаа, Ц.Чимэддорж, Н.Баярмаа, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ц.Цэцэгмаа, ахмадын зөвлөл дарга Д.Ханджав, багийн эмч Ч.Гандаваа, байгаль хамгаалагч Б.Цэцэгтогтох нар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна.

      Иргэдийн нийтийн хурал нь улиралд нэг удаа, багийн өдөрлөгийг жилд 2 удаа зохион байгуулдаг. Суманд зохион байгуулдагддаг урлаг соёл, спортын арга хэмжээнд манай багийн иргэд идэвх зүтгэлтэй тогтмол оролцож, өндөр амжилтыг үзүүлдэг.

ЕБС-ийн клип

Баяндун цаг агаар

Баяндун сум зураглал

Copyright 2011. Joomla 1.7 templates. Зохиогчийн эрхийг Баяндун сумын ЗДТГ эзэмшинэ.